Нам гүм ноёрхох жижигхэн өрөөнд бодол минь дураар сэлгүүцнэ. Угаас миний бодол тэнүүлч бас гэнэхэн шүү дээ. Гэнэн тэнэгхэн бодлоо эрхлүүлэн он цагийг хуудсыг эргүүлж тэртээд үлдсэн дурсамж болоод дурсамжийн эздийг хайхаар яг одоо сэтгэл минь аялалд гарах гэж байна, гэхдээ аялалд ганцаар биш та нартай хамтдаа явахыг хүснэ. Аяллын замд магадгүй та ч бас танил дотно нэгэнтэй таарч мэдэх юм аялал даа гаръя.
...Хөл хүндтэй болсон сэтгэл минь Эрxцасыг төрүүлэх гэж чамгүй удсаар аравдугаар сарын тэр нэгэн өдөр Банжиг гэх их айлын блог ертөнцөд ягаахан асар барьсанаар олон үгтийн цахим ертөнц дэхь амьдрал эхэллээ.
Халуун дотно амьд харилцаа мэдрэгдсэн Банжиг ертөнц хөдөл хөдөлгөөн ихтэй тул ахлан уншсан блог ямар нэртэй хэний өргөө байсныг тодорхой санадаггүй ч анхны гэх аварга блогчидын гэрт дураар саатаж, ямар бичлэгээр нь сэтгэлийн гүнд нь нэвтэрч байсан аа ердөө ч мартдаггүй.
Блогчидын тухай мэдлэг болоод мэдээлэл авахаар нэгэн блогт зочилдог байсан нь Сайхансанаагынх. Хөл хөдөлгөөн, инээд наргиан тасрахгүй түүний блогоос сэтгэлд хоногшин үлдсэн энэхүү бичлэгээс " Блогчид -10В " зохиомжийн Сайхансанааг олж авсан түүхтэй. Яахаас ч буцахгүй зоримог гэхдээ яг л хүүхэд шиг эрх нэгэн гэж Санааг би дүгнэдэг. Амьдралын сайхан амтыг мэдрүүлсэн хөнгөхөн бичлэг түүний блогт олон бий. Тоолоод ч барамгүй нэгэн зүйл Сайхансанаа гэдэг нэрээр тамгалагдан цахим ертөнцөд үлдсэн бас үлдсээр ч байгаа нь сэтгэгдэл юм. Түүний зочилж сэтгэгдэлээ үлдээгээгүй блог банжигт бараг байхгүй биз. Өгөөмөр, цоглог Санаахан минь малигар шар нархан шиг ээ үргэлж инээмсэглэж яваарай. Шаргал нарыг малигар гэдгийг, Санаагын дотор уужим гэдгийг түүний гэрт зочилсон хуучны өдрүүдэд мэдэрсэн юм...
Хүний мууд дурлах зангаар " Гампын гажиг явдлууд " гэх өвөрмөц нэртэй сонин блогт зочилж " Би юмтай хөөн " гэх илтэд онгирсон бичлэгийн нь уншаад би ч бас юмтай хөөн гэх бардамнал надад төрсөн түүxтэй. Энэ блогын цаана чухам ямар залуу нуугддаг бол гэх бодол бүсгүй миний төдийгүй бүстэй агаа нарын ч сонирхлыг татаж байсан, татсаар ч байгаа. Тун нь ихэдсэн хошин бичлэгүүд нь нийгмийн олон өнгийг агуулж, олон дүрийг нүднээ буулгадаг. Нийгмийн аж байдал болоод айл өрхийн дотоод асуудал, сэтгэлийн нандин дурсамж бүхэн нь жор нь ихэдсэн хошигнолтой болохоор Гамп агаагынд тухлахдаа элгээр л явчихгүй юмсан гэж амьдралдаа бас хорогдоостой байдаг хөөн би.
Агаа нарын тухай амраг сэтгэлийн тухай айхтар бичдэг галзуу нэгэн бүсгүй байсан нь Ануйра блогын эзэн хөөрхөн бүсгүй Ариунаа. Сэтгэл дэхь мэдрэмжээ эрх чөлөөтэй илэрхийлэх түүний үгсээс яахаас ч буцахгүй золбоолог бөгөөд нэг тийм чанга сэтгэлийг мэдэрдэг байлаа. Банжигын түүхэнд бичигдэх нэгэн үйл явдалыг Ариунаа зохион байгуулж хоёр өдөр түүний гэрийг нураачих шахаж бид тэднийд өнжсөн түүхтэй. Дэггүй бүсгүйн ачаар олон агаа нарын гэгээн дүрийг харж шунаг сэтгэлээр минийх хэмээн өмчилж байсан минь одоо ч түүний гэрт баримт болон хадгалагдаад үлдсэн. Агаа нарын дурлалын бурхан болж явсан гоо үзэсгэлэнт бүсгүй минь ээж гэх эрхэм алдрыг хүртээд завгүй болсон ч сэтгэл зүрх нь банжигын блог ертөнцөд уяатай яваа гэдэгт итгэнэ. Хөөрхөн ээж болсон ч хэнхэг зангаар ажил аа хийж яваа эрхэм бүсгүй Ариунаа та блог оо болоод биднийгээ марталгүй эргээд ирвэл туйлаас их баярлах болно шүү. Таны эзгүй жил сарын хугацаанд тоймгүй олон агаа нар блог ертөнцөд элсээд тэдний гэгээн дүрээр бидний мэлмийг баясгах овжин нэгэн алга л байна. Тиймээс та ирж ажил аа хийнэ үү!!! :-)
Ариунаагаас тэс ондоо нэгэн бүсгүй блог ертөнцийн өдөр шөнийн ээлжинд онц сайн ажиллаж байсан нь " Цөөрмийн эзэн Мами " гэж өхөөрдөм нэртэй зүггүй амьтан. Уг нь бол амьтан биш хүн, хүн хүндээ бүсгүй хүн л дээ. Гэвч түүний зүггүй үгс, дэггүй зангаас бүсгүй хүний үнэр үнэртдэггүй байсан юм. Агаа нартай нийлээд л атаман хийж явсан айхтар бүсгүй блогоо хаагаад таг алга болсонд нь туйлаас их гомддог ч " Монгол омогшил " гэх түүний мэдлийн хур хөрөнгө ихтэй гайхамшигт блогт нь зочлоод сэтгэл тайтгарч, шунал хөдлөв. Мартагдах шахсан хуучны өв соёлыг нас чацуу дэггүй бүсгүй бидний сонорт хүргэх гэж цаг завыг зориулан суусанд нь талархана. Эргэж ирээд энэ болоод тэр блогтоо эзэн хүн шиг амьдарна аа гэдэгт нь итгэж байна аа гэж Мамиханг минь таньж мэдэх агаа, аниа байвал дамжуулж тус болоорой.
Яг Мами шиг атаман нэгэн бүсгүй байсан нь Бүбээ. Эрсxэн түүний шулуун үгс эмэгтэй гэдэгт эргэлзэхэд хүргэж байсныг нуух юун. Болохгүй бүтэхгүйн эсрэг чанга дуугарч чаддаг байсан түүний бичлэгт хэрхэн сэтгэгдэл үлдээхээ мэдэхгүй хошуу унжуулж гарсан өдөр цөөнгүй. Нийгэм Бүбээгийн хараанд хэрхэн өртөж, хэр зэмлүүлэх нь сонин болохоор түүний блогт зочлох олны хөл тасардаггүй л байлаа. Хуучин цагийн нэртэй блогчин бүсгүй маань цахим ертөнц дэхь " Бүбээ сараачсаар " нэртэй өргөөгөө түгжээд таг алга болсон нь нэгэн блогчин агаатай холбоотой болохыг миний бие мэргэ төлгийн тусламжаар мэдсэн бөгөөд завшааныг ашиглаад Бүбээд минь зав чөлөө олго, юм хум бичүүл гэж эрхэм агаа танаас би хүсье!!!
Хөл хүндтэй байж шүү бичлэгийн үргэлжлэл болох " Эрэн сурвалжилж байна " бичлэг минь Банжиг нэтийн хүндэт блогчидыг дурссаар энд хүрээд хараахан дууссангүй түр завсарлав.
Блогийн нүүр » Эрэн сурвалжилж байна
2009-10-19 12:20:07

Сэтгэгдэлүүд:
Дурсамж л амьдралыг чимдэг юмдаа
magtaald chini bayarlaad bas icheed getsuu yumaa,Bayarlalaa..
udahgui uulzatsgaah bhaa :)
Сэтгэгдэл үлдээх: