Хайр дурлалын хос зүүсгэл зүрхэндээ урлаж, гайхамшигт тэр зүүлтээр зүрхээ гоёсон залуус хамтран амьдрахаар сэтгэл шулуудан хуримын тов хэлэлцэх тэр агшин энэ амьдралын эвхэгдэн үлдэх дурсамжийн дэвтэрт хүндтэй хуудас эзэлдэг нь мэдээж.
Хос залуусын хуримын зар сонороос сонорт хүрэхдээ баяр баясгалан бас цагаахан атаархлыг гоонь нэгний сэтгэлд хуралдуулан хүрсээр товт өдрийг тэсэн ядан хүлээгсэд өдрөөс өдөрт нэмэгдэнэ.
Харь нутагт амьдрах уртхан юм шиг энэ хугацаанд хурим найрт уригдаж, сүйн явдлыг сэтгэл догдлон харахыг хүсэв ч тэр бүр хүсчлэн биелэх нь үгүй. Тэгээд ч над шиг найз нөхөд багатай хүнд хурим найрт уригдана гэдэг сарнаас олс уяад савлуур тоглох хүсэлтэй минь адил холын мөрөөдөл санагддаг байлаа. Гэсэн ч би мөрөөдлөө биелүүлэх гэж битүүхэн хурим найр харуулдсаар багагүй хугацааг өнгөрүүлсэн юм.
Нууцxан хүсэх хүслийг минь мэдсэн мэт хамт ажилладаг Энэтхэг, Малайзын эрлийз бүсгүй хурим хийх баярт мэдээгээ дуулгаснаар сэтгэл догдлон найран даа бэлтгээд өнгөрсөн өдрүүдэд завгүй гүйлээ.
Ойрын он жилүүдэд хурим найранд уригдаагүйг хэлэх үү, сэтгэл гэдэг дарцаглан дэвээд хэдэн өдөр өмсөх хувцас, зүүх зүүсгэл л толгойд эргэлдсээр хуримын өглөө төрөл арилжиж дүрээ сольчихоод, цог жавхлантайгаар найрыг зүглэв.
Дунд зэрэглэлийн Энэтхэг рестораны жижиг хаалган дээр хуримлагч бүсгүй болох Бүжигчин ( би түүнийг ингэж нэрлэдэг юм ) ажлын хоёр бүсгүйн хамт тамхилан зогссоор биднийг угтаж, хурим болох танхимд хүргэхээр тус рестораны дээд давхрыг зүглэн хамт явлаа. Угтан авах байдал болоод очсон рестораныг харвал миний төсөөлж байсан хурим биш бололтой. Гэсэн ч гоёл зүүсгэл болсон бүсгүйг хараад сэтгэл догдлохгүй байж яахан чадах.
Жижигхэн вип өрөөнд хоёр эгнээ ширээ зассан нь тус бүрдээ арав орчим суудалтай байх нь олон зочид ирэхгүйг гэрчилнэ. Улбар шар өнгийн ширээн дээр цагаан цэнхэр өнгийн хиймэл цэцэгнээс өөр зүйлгүй хоосон байсан нь ширээ дүүрэн амттантай Монгол хуриманд очиж заншсан миний хувьд тун сонин байлаа. Хоосон ширээн дээр хийх зүйлээ олж ядан утсаараа тоглож суугаа захирал үе үе хоржоонтой инээмсэглэх нь энгийн тэр хуриманд энгүй ихээр гоёсон бүсгүйчүүдийг хараад инээдээ барьж ядаж буй мэт.
Өрөөний зүүн хойд буланд буффьет байрлуулсаныг очиж сонирхвол карри, прата зэргээс бүрдсэн Энэтхэг хоолнууд аж. Буффьетын эсрэг талд цагаан бүтээлэгтэй жижигхэн ширээ тавьсан нь хосуудын хуримын гол үйл явдал тэнд болохыг илтгэнэ.
Бүжигчний хувьд хоёр дахь хурим нь бөгөөд харин залуугийн хувьд анхных нь хурим тул сэтгэл догдлох нь илт. Өтгөн хөмсөг дор давхраа болсон зөөлөн харц, том алаг нүдтэй Гарри гэх даруухан залуу Сингапурт ажиллаж, сурахаар Энэтхэгээс ирж улмаар бүсгүйтэй хайр сэтгэлтэй болсноор ийнхүү хурим аа хийж байгаа нь энэ.
Яаруухан ирсэн ахимаг насны халзан толгойтой хуульч тэдний хуримыг баталж, гэрчийн этгээд болох ажлын бүсгүй Эрика, нөхрийн талын гэрч болох Гарригын найз Энэтхэг залуу нар тус тус гарын үзэг зурж, хосууд бөгж өө солилцоод гэрчилгээгээ гардаж авсанаар хурим бараг өндөрлөв.
Бүсгүйн талаас биднийг эс тооцвол ойр дотно гэх нэг ч хүн байсангүй нь бас л цаанаа нарийн учиртай санж. Хосууд хэн хэн нь Энэтхэг гаралтай ч шүтэх шашин нь өөр тул бүсгүйн ээж тэдний гэрлэх хүслийг хүлээн авч чадахгүй учир хосууд ийнхүү нууцxан хурим хийж найз нөхөд болоод хамт олон бидний дунд л тэмдэглэн суугаа нь тэр аж.
Хайр сэтгэлийнхээ төлөө зориг зүрх гарган эхнэр нөхөр болсоныг нь үнэлж бахдууштай санагдавч ээж аавгүй, элгэн садангүй хурим хийж хамгийн баяртай мөч өө төрүүлсэн ээжтэйгээ хамт өнгөрүүлж чадаагүй нь харамсалтай, нэг л тийм хоосон санагдаж байсан юм.
Найр хурим дуу хуур, инээд хөөрөөр цалгиж, идээ будаагаар элбэг байдаг бол харьд үзсэн хамгийн анхны хурим юм юмаар дутмагхан нэг л тийм хоосон байлаа. Магадгүй тэнд бүсгүйн эхлэл болсон эрхэм ээж байсан бол идээгүй ширээтэй, инж гоёлгүй хурим байсан ч бие биеийнхээ сэтгэлийг дүүргэн хөгжөөж, гэрэл гэгээ нь болж чадах байсан биз.
Дураараа дураараа хэдий ч, дурлалаа дурлалаа гээд ижийгээс зөрж, ижийн харцнаас нуугдаж хэн нэгнийх болж би лав чадахгүй.
Блогийн нүүр » Хурим
2009-10-29 11:37:30

Сэтгэгдэлүүд:
гэхдээ 2 биенээ хайрлаж чадвал хуримын утга тэр бус уу?
за тэгээд ер нь ганц амьдрах насандаа хайртай хосууд хуримаа сайхан хийвэл 2 биедээ мартагдхааргvи сайхан зvилсийн нэг нь байх юм шиг санагддаг . Монголчууд бид өвөрмөц улс шvv дээ тэр тал дээрээ , бэр гуйхаас авахуулаад нарийн нандин өв уламжлал дээр сэтгэл догдлуулсан сайхан мөчvvд ихтэй хурим найр хийдэг ард тvмэн шvv дээ
Эцэг эхээс зөрөөд хүн онох биш алдах нь олонтой юм шиг санагддаг. Биднийг бүтээгээд, бий болгоод, өсгөөд услаад, ааш аяга, авир занг мэддэг болсон хүмүүст зөн гээч нэг зүйл байгаад л байдаг байх. Би ч аав ээжээс зөрөх нь бага харин ч хамаг байдаг аа хэлээд санаа амарч, замаа сонгодог юм.
Фрий-д Нууцын нууц хурим байжээ. хэ хэ хэ Миний очиж байсан хуримнууд ёслол төгөлдөр, хүндэтгэл болоод инээд хөөр, дуу хуур элбэг байсан болохоор харийн нутагт үзсэн анхны хурим сэтгэл догдлуулаагүй ээ. Ядаж тэр рестораных нь хөгжим нь хурим яг эхлэхээс өмнө эвдэрчихсэн тэгээд дуу хуур ч байхгүй, үнэн сонин.
Унагалдай-д Сайн сайн уу? Унагалдай. Баярлалаа чамд ч бас. Чи арай нөгөө Унагалдай гээд хүүхүүдийн дуртай дүрсгүй этгээд биш биз??? кккк
Анжелик агаа-д Хайр гээч чинь хүнийг ихээ том толгойтой болгочихдог бололтой. Агаа ирэхгүй бол би хурим хийхгүй ээ гэсэн. хэ хэ хэ
Алтаргана аниа-д Өө хувцас, гоёл гэдэг чинь хурим гэдэг үгтэй давахцаад л чихнээ сонсогддог юм шиг байна лээ. Би лав тэгсэн хэ хэ хэ. Танай найзын хувьд хүндэтгэж үзэх шалтгаантай юм. Ах дүү хамаатан саднаасаа хол байгаан дээр зөвлөж хэлэх аав ээж нь бурхан болчихсон харин манай Бүжигчний хувьд ээж аав нь дэргэд нь л байгаа юм. Гадаад залуус ч бас овоо том толгойтой юм аа.
Урнаа-д Хурим гэдэг өөрөө их сайхан зүйл болохоор яваад л очиход сэтгэл догдлоод өөрийн эрхгүй хөөрчихдөг юм. Ахын хурим, найзын хурим гээд миний сэтгэл тийм гэхийн аргагүй болж, хэзээ ч юм ирэх хуримын тэр өдрийг тэсэн ядан хүлээж байсансан. Гэтэл тэдгээр хуримаас хойш тав зургаан жил болсон ч би хурим найр хийх битгий хэл найз залуу ч үгүй л ганцаар гүйгээд байдаг. хэ хэ хэ Удахгүй баяр хөөртэйгөөр сайхан хуриманд яваарай бүсгүй минь.
Ганаа эгч-д Хүүе тэгье л дээ. Та 2 намайг аваад яваарай за. Харийн залуус хэрхэн хуримлаж, баяр цэнгүүний хэрхэн тэмдэглэхийг харах үнэн их хүсэл байна аа. Хуримын хамгийн хүндэт зочинг дагаад очихоор би ч бас хүндэт зочины суудалд суух нь ойлгомжтой, яанаа юу өмсөнө өө гэсэн. кккк
Эмби агаа-д Хэ хэ хэ зураг хөрөг үзүүлээд үнэн түүхийг санаад чинь буулгамаар л байна, даанч зураг болгон дээр миний царай малийгаал байж байх юм.
Амор аниа-д Нижигэр хурим гэдгийг манай Монголчууд л хийдэг бололтой аниа минь. Харим тийм ээ, тэр хоёр л бие биеэ хайрлаад насан туршдаа сайхан амьдарвал миний тэр догдолж хөөрөөгүй ч ёстой яшиг байна аа. хэ хэ хэ Манай хоёр ч гал ус хоёр л гэсэн үг.
Аманжинка-д За агаа та хэлсэн шүү. Би ч хүнээс нэг л ам авсан бол нөгөөхөө насан туршдаа ч хамаагүй нэхээд гүйчихдэг хүн шүү. кккк
Раш-д Бүсгүй Энэтхэг, Малайзын эрлийз болохоор бүүр ч шашины дэг өндөртэй байх, гэхдээ манай хүн гандан буурахгүй том толгойтой нөхөр л дөө. Өглөө гэрээсээ юу ч болоогүй юм шиг гараад л хуримаа хийж батлуулчихсан нь тэр, шөнө тэгээд ажил тараад ирлээ гээд л гэртээ орсон гэсэн, ээж нь одоо хүртэл мэдэхгүй байгаа, үнэн харамсалтай. Ай хувь заяагаа өөрөө сонгож болохгүй яасан ч хатуу нийгэм бэ дээ. Бид ч азтай хүмүүс юм даа.
Жинчин-д Тиймээ хийвэл хийсэн шиг ёс төртэй ичиж айлгүй л хийх хэрэгтэй юм шиг. Манай Монголчууд үнэхээр баяр ёслолыг тэмдэглэж сурсан бахархаж омогшиж, онгирмоор зан үйлтэй сайхан ард түмэн юм. Гэрлэх боллоо гэхэд аав ээжтэйгээ сайн зөвлөлдөөд л нэг их эсэргүүцэл сонсохгүй асуудал эвтэй шийдэгдэж болдог ухаалаг л хүмүүс юм.
гэхдээ хоёуланд нь хуримын ордон явахад нь явалцаагүй, дандаа ар талынх албанд томилогдож үлдсэн...
наад хурим чинь монголчуудын ухаанаар бодвол хэцүү л хурим байна даа...
сайхан хуримлахсан гээ лүү... хэхэ
Эрхцас Дураараа дураараа хэдий ч, дурлалаа дурлалаа гээд ижийгээс зөрж, ижийн харцнаас нуугдаж хэн нэгнийх болж би лав чадахгүй гэсэн байш дээ...
Бичас Эрхцасын ээжээс зөрж чадахгүй... Эрхцасын ээжээс эхлээд асуу гэссс... ккк
harjiival yah gej hehehe
gahain haniadtai huuhen hereggui sho hol baigaarai hehehehe
бид ч эцэг эх болсон хойноо зөвлөнө үү л гэхээс шийдвэр гаргах эрхийг өөрт нь үлдээх нь дээр гэж бодож байна
хүнийг хайрлана гэдэг тэднийгээ сайн сайхан явуулахыг хүсэхийг хэлэх бх /үр хүүхдээ ч мөн адил, эцэг эхээ ч бас адил/
Газар газрын хурим ёс заншлаа дагаад өөр өөр.
Гэхдээ би хуриманд очих дургүй талдаа.
Сэтгэгдэл үлдээх: