/ Нэгэн блогчин ахын оюутан цагийн дурсамж, хүүрнэлийг түүний зөвшөөрлөөр бага зэрэг засварлан бичсэн болно. /
Би их сургуулийн 1-дүгээр курсдээ хотод байдаг нагац ахындаа амьдраад, 2-дугаар курсээсээ оюутны байранд орсон юм тэгээд л төгсөх хүртэл ээ хоёр найзынхаа хамт дөрвөн жил гаруй нэг тасагт амьдарсан даа. Нэг найзыг маань Баатар гэдэг надаас нэг ах. Нас ойролцоо үеийн шахуу хүүхдүүд бүгдээрээ л бие даасан амьдрал аа эхэлж, амьдрал гэдэг их далайн зах зухаас амталж эхлэх болохоор хэн хэнд маань тохиолдох үйл явдал бүхэн ижил төстэй, тэр хэмжээгээр нэг нэгнээ ойлгон туслахдаа тусалж, шаналж зовох үед нь ижилхэн л шаналж явлаа. Анхны гэж хэлж болох олон зүйлтэй тэр л оюутны байрны жижигхэн хэдий ч том ертөнцийг багтаасан эгэл байшинд учирсан даа.
ТИС ( Теxникын их сургууль ) -ийн оюутны байр болохоор ихэнх нь залуучууд тэгээд л хааяа амралтын өдрүүдэд МУИС ( Монгол улсын их сургууль ) болоод Анагаахын оюутны байруудаар зочилж, нутгийн танил хүүхдүүдтэй уулзана. Зорилго нь мэдээж тодорхой. Тодорхой зорилготой залуус төрсөн өдөр, март гэх баяруудыг алдахгүй тэмдэглэхийг хичээнэ. Гол санаа нь мэдээж л охидтой танилцах...
Манай байранд нэг бүсгүй амьдардаг байлаа, нэрийг нь Саруул гэнэ. Уг нь Орост сурч байсан болов ч нөхөргүй хүүхэд төрүүлээд сургуулиасаа гарч, хүүхдээ харж хэсэг гэртээ суугаад ТИС-д орсон гэх манай дээд курсийн эгч л дээ. Оюутны байранд хоёр дахь жилдээ амьдарч байсан тэдний тасгийнхан байнга л ямар нэг нийллэг зохион байгуулж, ууцгаана. Гаднаас ч янз бүрийн залуус их ирэх тул тэр талаараа байрандаа л алдартай тасаг байсансан. Саруулыг явдалтай тухай амь дамжин ярьцгаагаад л, бүр түүнийг ганцаараа байхад нь гурван цэрэг ирж хоносон гэх үнэн худал нь эргэлзээтэй яриа ч тархана. Гэхдээ бид нарыг амьдарч байх тэр жилүүдэд л лав тиймэрхүү зүйл анзаарагдаагүй юм.
Хоёрдугаар курсээ төгсөх дөхөж байх үед ямар ч билээ нэг баяраар Саруул болоод түүний хэдэн найзтай манай тасагт нийллээ. Наргиж цэнгэсээр баяр өндөрлөх үед Баатар маань бид хоёрт нууцxан дохио өгсөнөөр тэр хоёр ( Саруул, Баатар ) хамт үлдэж, би болоод найз минь өөр тасагт хоноглож Баатарын хаа анхны учралд боломж гаргаж өгсөн сөн. Түүнээс хойш Саруул манай тасагт байн, байн ирж хонох боллоо. Бидний хэдэн найзууд " Цаад явдалтай хүүхэндээ дурлачих аа юу? Гурван насаар эгч болохоор амьдралын туршлага арвин байх, аваад суучих " гэж Баатарыг явуулаад л, Баатар болохоор " Яалаа гэж би ийм хүүхэнд дурладаг юм, тэгж байгаад л болино " гэх. Бид нар ч эхэндээ Баатарыг зүгээр л зугаацаж байгаа гэж бодох тул, тэдний явдлыг зугаа төдийхөн санана.
Гэвч удалгүй тэр хоёрын харьцаа илт дотносож эхэллээ. Мэдээж бид найзыгаа тийм бүсгүйтэй дотносож байгаад бусдаас жаахан санаа зовно. Тийм болоод ч тэрүү нэгэн найзынхаа 10-н жилд хамт сурч байсан даруухан бас ч үгүй нилээн царайлаг охинтой Баатарыг танилцуулав. Гэхдээ тэр охиныг зүгээр нэг зугаа бус Баатарыг түүнд дурлаад Саруулыг мартах байх гэсэндээ л тийм зүйл сэдсэн хэрэг. Гэвч Баатар тэр охинтой хэдэн удаа уулзчихаад л таалагдахгүй байна гэсээр дахиж уулзсангүй.
Харин Баатар Саруул хоёрын харилцаа илэрхий даамжирч тэр хэрээр бушуухан наад хүүнээсээ сал гэж найзыгаа бид ятгасаар л. Баатар ч яахав тэгж байгаад сална аа л гэх, гэсэн ч Саруулыг харахаар юу ч хэлэхгүй яг л байдгаараа. Тэгж явсаар 3- дугаар курсийн сүүл үеэс Саруул манай тасагт бид нартай хамт амьдрах боллоо. Магадгүй Саруулаас бид нарт таалагддаг ганц зүйл нь хоол гоё хийдэг нь ч байсан байж мэднэ. Орост сурч байсан болохоор төмстэй хуушуур, борш гэх мэт хөдөөний бидний мэдэхгүй гоё гоё хоол хийж, манай гал тогоог барина. Бид хоёр илэрхий дургүйцэж, муухай ааш гаргахгүй ч, битүүхэн Баатарыг ятгадаг хэвээрээ.
Удалгүй найзын маань гэрийнхэн тэр хоёрын тухай мэддэг боллоо, Баатарын нэг дүү Монгол- Хятадын хооронд наймаанд явдаг тул хааяа манай байранд ирж хэд хонож байгаад явна. Ахынхаа тухай мэдчихээд Саруултай дуугарахаа ч болив. Мэдээж ах нь тийм үл бүтэх нэгэнтэй орооцолдохоор дүү нь яаж ч дуртай байхав. Саруул ямар сайхан хоол хийж, гоёор амтлаад ч Баатарын дүү идэхгүй тэр чигт нь орхиод гаднаас бэлэн гоймон авч иднэ. Харин Саруул идэхгүйг нь мэдэх ч түүнд заавал хоол аягалаад тавина. Бүр нэг удаа иддэггүй хоолыг битгий аягалж өгөөд бай гээд дүү нь уурлаж байсан юм. Баатарын аав хааяа хотод ирнэ, Саруултай ярьж хөөрөөд зүгээр байх ч, цаанаа л нэг хөндий.
Саруул юу ч болоогүй юм шиг инээгээд л. Бид харин Баатарыг ятгасан хэвээрээ. Тэр хоёрыг салгах гэж хичээж байгааг Саруул мэддэг ч бид нарт илтээр уурлаж, дургүйцэхгүй. Гэвч хааяа нэг нийлэг болж, ууж идэхэд хүний хэрэгт оролцлоо гэж жаахан үг хаяна. Гуравдугаар курсийн тэр жил манай оюутны байранд хувийн сургуулийн гурван охин нүүж ирэхэд, өрөөний маань нөгөө найз ачаа барааг нь зөөж өгснөөр хамгийн түрүүнд тэр гуравтай танилцсан байлаа. Удалгүй тэр гурав танилцах баяр хийхээр манай тасагт зочилсон юм, тэр үед Саруул байсангүй. Гурван охины нэг нь Баатарт илт сайн байсан ч тэр шөнө ямар нэгэн зүйл тэдний дунд болоогүй юм.
Хэд хоногийн дараа бас л нэг юуны ч билээ баяраар нөгөө охин орж ирээд Баатарын хажууд суухад Саруул уурлаж тэр охинтой хэрэлдээд сүүлдээ бүр барилцаж аваад, үснээсээ зулгаалцан шалаар нэг өнхөрч бөөн юм боллоо. Тухайн үед бид гуравт зугаатай ч санагдсан юм уу, лав салгах гэж хичээгээгүй юм. Эрчүүд бид бас муухай байгаа биз...
Бурхан минь гэж... Удалгүй Саруул жирэмсэн боллоо..
Үргэлжлэл бий...

Сэтгэгдэлүүд:
би уул нь журамтай байх хэрэгтэй яасан онцгүй хэрэг вэ гэж хэлэхээр л хүн л дээ.
гэхдээ бүгд энэ бүсгүйг муугаар хараад байгаа юм шиг санагдаад өмөөрмөөр санагдлаа даа.
гэхдээ Баатар гэгч нөхөр бол эрийн шинжгүй эвгүй барьцгүй нөхөр бус уу?
Баатартай зууралдаж байхдаа Саруул янзан бүрийн улсуудтай холбогдсоныг найзууд нь баримтаар батлаж ятгасан бол өөр хэрэг.
энд бол тийм тодорхой дурдаагүй л байх.
өөрөө доодохоо захирч чадахгүй иймэрхүү залуус ингэж ард нь элдвийг хуцалддаг байхгүй юу.
Төгсгөл нь сайхан байгаасай.
Харин зодолдоод байж байхад нь бахаа хангаад ч юмуу, зугаатай санагдаад хараад сууж байсан бол хэцүү л юм байна, нөгөө хоёроосоо санаа нь зовоод яаж ч чадахгүй дотроо тарчилж суусан бол өрөвдмөөр л юм байна, одоо бид нар нэг бодлын өөрийнхөөрөө, бусдын санаа бодлоос хараат биш - эрх чөлөөтэй сайхан болжээ.
Саруул хэмээх зүсийг нь үл харсан энэ эрхэм эгч миний хувьд амьдралыг ялсан баатар юм. Магадгүй надаас ийм их тэвчээр зориг бас хүнийг хүндэтгэх хүндлэл гарахгүй ч байж мэдэх юм. Энэхүү түүхийг шүүмжлэн хэлэлцэх гэсэндээ бус залуу хүмүүс бидэнд хэрэгтэй нарийн учиг орших болохоор бага зэрэг засварлан түүхийг хүүрнэгч танил ахаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр гол дүрийн хоёр баатарынхаа нэрийг нь өөрчлөн нийтлэж та бүхний бодол оюунд хүргэсэн юм шүү.
Бичсэн бичлэгт бүхэнтэй минь хамт байдаг та бүхэнд баярлалаа. Аз жаргалаар сэтгэл тань цэлмэж явахыг хүсье!!!
Сэтгэгдэл үлдээх: